NBA-д ямар тоглолтууд болов

Денвэр Наггэтс vs Орландо Межик

Тоглолтын эхний үеэд бэртэл авсан Винс Картерийг орлож гарч ирсэн Ж.Ж.Рэдик 23 оноо, карьерийн өндөр 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийж, Межик Наггэтсийг 103-97 хожиход тусалжээ. Картер баруун хөлийхөө эрхий хуруунд бэртэл авсны дараа Рэдик 15-аас 8 удаа оновчтой довтолж, NBA-д ирснээсээ хойш хамгийн их минутыг (46) талбайд өнгөрүүлсэн байна. Түүнээс гадна сэлгээнээс гарч тоглосон Райн Андерсон 19 оноо авч, Межик сүүлийн 15 тоглолтынхоо 13-т нь хожиход чухал хувь нэмэр оруулжээ. Кармело Энтони 26 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч Денвэрийг тэргүүлсэн бол Чонси Биллапс 18 оноо авч тусалсан ч Наггетс ийнхүү сүүлийн 5 тоглолтын 4-т нь ялагдал хүлээв.




Портланд Трэйл Блэйзэрс vs Оклахома Сити Тандэр

Андре Миллер 26 оноо, Брендон Рой 20 оноо авч Портланд Оклахома Ситиг 92-87 хожсоноор Өрнөд Бүсийн 6-р байрт яваа Тандертэй тэнцэж ирсэн байна. Плейофф удахгүй эхлэх энэ үед Блейзерс сүүлийн 13 тоглолтын 11-т хожиж, бүсдээ дээшилсээр байна. Тэдний хувьд үлдсэн 8 тоглолтынхоо 3-т нь хожиход Плейоффын эрхээ баталгаажуулах юм. Тандераас Кэвин Дюрант 29 оноо авч багаа тэргүүлсэн ч багийн үндсэн холбон тоглогч Расселл Уэстбрүүк ердөө 12 оноог авч хангалтгүй тогложээ. Ууг нь Тандэрийн залуучууд хоёрхон хоногийн өмнө NBA-ын аварга Лэйкэрсийг илт давуу буулгаж аваад байсан юм.







Сакраменто Кингс vs Кливленд Кавалиерс

Леброн Жеймс нийт авсан 34 онооныхоо 23-ыг тоглолтын 2-р хагаст авч, Антуан Жемисон 26 оноог нэмэрлэснээр NBA-г тэргүүлэгчид бэртэл дүүрэн Кингсийг 97-90 талбай дээрээ буулгаж авсан байна. Энэ тоглолтонд Кавалиерсийн хөгжөөн дэмжигчид хайртай төвийн тоглогч Зидрунас Илгаускасаа элгэсэг дотноор угтан авчээ. Тоглолт дуусахад 2 минутын хугацаа үлдээд байхад Леброн 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, дараа нь мөн хамгаалалтанд бөмбөг тасалж багийнхаа хожлыг баталгаажуулав. Кавалиерс ийнхүү хожигдол илүүтэй багийн эсрэг 28 дараалан хожоод байна. Сакрамэнтогийн Бэно Удрих NBA дэх анхны трипл-даблаа (18 оноо, 15 о.д, 10 с.б.а) хийсэн ч баг нь бэртлийн улмаас ердөө 8-хан тоглогчийг хувцасласан нь хожигдох гол шалтгаан болсон биз.




Мэмфис Гриззлис vs Милуоки Бакс

Жон Салмонс 25 онооныхоо 10-ыг нь тоглолтын 4-р үе болон нэмэлт цагт авч, Бакс гурав дараалан хожигдох аюулаас мултарч Гриззлисийг нэмэлт цагт 108-103 хожжээ. Рүүки тоглогч Брендон Жэннингс 29 оноо, 8 о.д, 7 с.б.а гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Андрю Богут 18 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч дабл-дабл хийж, ийнхүү Бакс солилцоогоор Салмонсыг багтаа авчирсанаас хойш 16 хожил, 4 хожигдолтой болж, Плэйоффын эрхээ баталгаажуулахад улам ойртсон байна. Мэмфисийн Бүх Од Зак Рандольф 31 оноо, 15 с.б.а хийж шилдэг тоглолтоо гаргасан ч нэмэлт цагт шүүгчдэд бухимдсаар тоглолтыг амжилтгүй дуусгажээ.

Индиана Пэйсерс vs Атланта Хокс

Жош Смит 21 оноо, 13 с.б.а, Ал Хорфорд 18 оноо, 12 с.б.а гэсэн амжилтыг тус тус үзүүлснээр Хокс Пэйсерсийг талбай дээрээ 94-84 буулгаж авсан байна. Энэхүү хожигдол нь Пэйсерсийн 5 дараалан хожсон амжилтыг зогсоожээ. Сүүлийн 3 тоглолтынхоо 2-т нь хожигдсон Хокс ийнхүү талбай дээрээ хийсэн сүүлийн 8 тоглолтонд хожоод байгаа ба Плейофф эхлэхэд бүсдээ эхний 4-т нь багтах нь тодорхой болоод байгаа. Трой Мерфи 21 оноо авч, Индианаг тэргүүлсэн байна. Пэйсерсийн хувьд уг нь 2005 оноос хойш анх удаагаа 6 дараалан хожихын төлөө тоглож байсан юм. Юта Жаззын эсрэг хийсэн өмнөх тоглолтод 44 оноо авсан Дэнни Грэйнжэр 18 оноог л авч чаджээ.

0 Сэтгэгдэл:


Blogger Templates by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Urban Designs