Хакухо 15 даваатайгаар башёг тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё Осака хотноо үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хару башёд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 13 дахь удаагаа хүртсэн юм. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж, уватэнагэ мэхээр давснаар 15 даваатай болж, зуун хувийн амжилтаар башёг тэргүүлэв. Харин озэки Харумафүжигийн тухайд 10 даваа, таван унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Хару башёд макүүчи буюу дээд зиндаанд манай есөн бөх зодоглосон бөгөөд зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдсан Какурюү М.Ананд сүүлийн өдрийн барилдаанд Тоёохибикиг уватэдашинагэ мэхээр давснаар зургаан даваатай болсон бол маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Такэказэд өвдөг шороодсоноор хару башёг гуравхан даваатай үдлээ. Түүнчлэн зүүн жигүүрийн маэгаширагийн дөрвөөс босч барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр сэкиваки Тоёоношиматай барилдаж, кирикаэши мэхээр унаснаар 10 унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлж чадсангүй. Харин Хакуба А.Өнөржаргал /М9/ сүүлийн өдрийн барилдаанд Тосаюүтакаг давснаар найм дахь даваагаа авсан бол Моконами Г.Базарсад /М5/ мөн өрсөлдөгчөө давж, есөн даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүлсэн юм. Түүнчлэн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Асасэкирюү Б.Дашням болон 13-т бичигдсэн Токитэнкү А.Хүчитбаатар нар өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсон боловч 10 даваа, таван унаатайгаар хару башёд чамлахааргүй амжилт гаргалаа.
Хару башёгийн 15 дахь өдрийн барилдааны дүн:

Давсан Унасан
Хакухо /Ё/ Харумафүжи /О/
Котоошю /О/ Кайо /О/
Баруто /С/ Котомицүки /О/
Тоёоношима /С/ Тамаваши /М4/
Кисэносато /К/ Миябияма /М7/
Точиношин /М6/ Аминишики /К/
Какурюү /М/ Тоёохибики /М5/
Ваканосато /М1/ Ёшиказэ /М9/
Такэказэ /М8/ Кёкүтэнхо /М2/
Шимотори /М10/ Аран /М2/
Котошогикү /М3/ Асасэкирюү /М11/
Хакуба /М9/ Тосаюүтака /М4/
Хомашо /М5/ Такамисакари /М12/
Точиозан /М6/ Токитэнкү /М13/
Какизоэ /М7/ Касугао /М16/
Моконами /М15/ Ивакияма /М8/
Китатайки /М10/ Сагацүкаса /М15/
Хокуторики /М11/ Точинонада /Ж2/
Окиноуми /М12/ Токүсэгава /М13/
Коккай /М14/ Бушуяма /М16/
Кимураяма /Ж4/ Таманошима /М14/

0 Сэтгэгдэл:


Blogger Templates by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Urban Designs