”Редд Булл” бусдаас тасархай хурдан уу?

"Формула" нэгийн Австралийн гранпри тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Энэ уралдааны өмнө эхний гранпригийн дараагаар аль багийн болид хамгийн хурдан нь байсан гэдэг яриа хэдийнээ сонирхогч болоод мэргэжилтнүүдийн дунд гарч эхэлжээ.

Бахрейны гранприд тэргүүн байраас уралдааныг эхлүүлсэн Себастиан Веттел машиных нь моторт асуудал үүсэхээс өмнө уралдааныг өөрийнхөөрөө удирдаж байсныг энд сануулах нь зүйтэй. Хүссэн үедээ тэр хурдаа хасч, эсвэл хурдаа нэмж байсан гэдэг. Бусдаас илт давуу байдал нь спортод ийм зүйлийг авчирна. Энэ байдлыг ч бататган Макларен багийн нисгэгч Льюс Хэмилтон "Ред Булл" хамгийн хурдан нь гэж хэллээ. Өнгөрсөн жилээс хойш хадгалж чадсан тэдний дарах хүч энэ жил ч мөн гайхалтай байгаа бөгөөд дахин ийм азгүйдэл дайрахгүй бол хол тасрах биз гэж Хэмилтон өгүүлжээ. Харин Масса Хэмилтонтой санал нийлсэнгүй. Зарим тохиолдолд "Феррари" "Ред Булл"-ээс хурдан байсныг дурдаад Бахрайнд үзүүлсэн амжилт аз биш гэж тодотгосон бололтой. Энэ жилээс эхлэн 2 төрлийн дугуйг зайлшгүй хэрэглэх дүрэмтэй болсон бөгөөд хатуу дугуйтай байх үедээ "Феррари" Ред Буллээс илүү хурдан байсан аж. Гэхдээ энд аль баг хурдан нь вэ гэдэг асуудал биш "Ред Булл" хамгийн хурдтай юу гэдэг асуудал яригдаж байна. Асуултын хариултыг энэ амралтын өдрүүдэд болох Австралийн гранпри бидэнд харуулна.

0 Сэтгэгдэл:


Blogger Templates by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Urban Designs